ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрдэм мэдлэг, оюун ухааны уурхай, эрдмийн их өргөө болсон ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн эрхэм хүндэт профессор, багш, ажилтан, оюутан залуус, элсэгчид болон хамтран ажиллагч, дэмжигч аж ахуй нэгж байгууллагууд та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол улсад инженер, технологийн боловсон хүчин бэлтгэх зорилго бүхий Политехникийн Дээд Сургуулийн бүрэлдэхүүнд Ерөнхий эрдмийн факультетыг 1987 онд үүсгэн байгуулсан нь өнөөгийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн үндэс суурь болсон бөгөөд тус сургууль нь салбар бүрийн инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэх их үйлсэд өөрийн хувь хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
Манай сургууль багшлах болон эрдэм шинжилгээний ажлын туршлагатай олон багштай бөгөөд тэдгээрийн 64% нь эрдмийн зэрэг цолтой юм. Багш нарын дотор Монгол улсын төрийн шагналтан, гавьяат багш, олон улсын шүүгч, МУ-ын начин, спортын мастер, дэд мастер цолтой хүмүүс байгаа нь бидний нэгэн бахархал билээ.
Манай багш нар ШУТИС-ийн бакалаврын болон ахисан түвшний шатны оюутнуудад математик, физик, хими, биеийн тамирын хичээлүүдийг заахын зэрэгцээ Монгол улсын алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, ШУТИС-2030 Стратеги төлөвлөгөө, хөгжлийн бодлогод нийцүүлэн Химийн инженерчлэл, Химийн боловсруулалтын технологи, Газрын тосны боловсруулалтын технологи, Нүүрсний боловсруулалтын технологи, Материал судлал, инженерчлэл, Хүрээлэн буй орчны инженерчлэл, Нано шинжлэх ухаан, инженерчлэл, Статистик, Хэрэглээний физик зэрэг мэргэжлүүдээр бакалаврын 14, магистрын -10, докторын - 6 хөтөлбөрөөр сургалт явуулж Монгол улсынхаа болон Олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц онол, практикийн мэдлэг, чадвартай, ёс зүйтэй мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэж байна.
Бид бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтний чадварыг дээшлүүлэх, сургалтын чанараа сайжруулах, судалгааны үр өгөөжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд Олон улсын шилдэг их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, өөрсдийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль нь ЭХ ОРНЫ ХӨГЖЛИЙН ГАРЦЫГ ТОДОРХОЙЛОХ ХҮН-БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ШИНЖЛЭХУХААН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГ, ИННОВАЦЫГ БҮТЭЭХ АВЬЯАС ЧАДВАРЫН ТӨВЛӨРӨЛ болох зорилго тавин ажиллаж байна..
Нийт хамт олныхоо өмнөөс хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллага, оюутан залуус, элсэгчид та бүхэндээ сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн захирал
Болдын Тунгалагтамир
Доктор (Ph.D), дэд профессор, МУ-ын зөвлөх инженер