ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн технологийн их сургууль, Бранденбургийн Техникийн их сургуулиутай хамтран төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
delger

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Боловсролын яам болон ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд хоёр улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн хамтын ажиллагааг дүгнэн, цаашдын судалгаа, инновацын түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан “GM-MEET” Монгол-Германы хамтарсан судалгаа, инновацын төслийн шалгаруулалтад эхний шатад 44 төслийн санал ирснээс шилдэг 5 төсөл хоёр дахь шатанд шалгарч, төслийн танилцуулга хийснээс эхний 3 төсөлд ШУТИС-ийн хоёр төсөл шалгарлаа. Уралдаанд шалгарсан эхний 3-н төсөл бүрт ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яамаас 35,000 хүртэлх еврогийн санхүүжилтыг олгож, 2027 оны эхний улирлаас 12 сарын хугацаанд хэрэгжүүлнэ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн ХШУС болон ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн технологийн их сургуулийн Эрчим хүчний технологи, химийн инженерчлэлийн хүрээлэн, Бранденбургийн техникийн их сургуулийн Аж үйлдвэрийн хүлэмжийн хийг бууруулах, шилжүүлэх хүрээлэн, Эрдэнэс ҮТП ХХК, Монголын алт (МАК) ХХК-тай хамтран “Engineering Capacity Building for a Sustainable and Resilience Carbon Economy in Mongolia” төслийг хэрэгжүүлэхээр болов. Уг төслийн зорилго нь Монгол улс болон Герман улсын хамтын ажиллагааг Төр-Их Сургууль-Аж ахуй нэгж байгууллагын хамтын түншлэлийн загвар бий болгох мөн хүлэмжийн хийг бууруулах, саармагжуулах, улмаар нүүрстөрөгчийн тогтвортой эдийн засгийг бий болгох хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт технологийн нутагшуулах, хамтарсан сургалт зохион байгуулах, эрдэмтэн судлаачдын туршлага солилцоог бүрдүүлэх, цаашдын хамтарсан төслүүдийн суурийг бүрдүүлнэ.

Төслүүдийн үр дүнд Монгол, Германы судлаачдын урт хугацааны хамтын ажиллагааны сүлжээг бүрдүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, судлаач, оюутан солилцоог хөгжүүлэх, цаашдын олон улсын санхүүжилттэй судалгааны төслийг санаачлах боломж бүрдүүлэх юм.

Энэхүү хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нь ШУТИС-ийн судалгааны чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Германы шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

                                                                                                     ХШУС-ийн Захиргаа

2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр