“ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ 2+2” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР (Chemical engineering 2+2)

Мэргэжлийн тодорхойлолт: Үйлдвэрийн процессыг монгол хэл болон гадаад хэл дээр судлан, тодорхой мэдлэгтэй болсны дагуу үйлдвэрлэлд нэвтрүүлэх, асуудлыг шийдэх, томьёолох, үйлдвэрийн процесст дүн шинжилгээ хийх, орчин үеийн үйлдвэрийн процессыг загварчлах, улмаар тухайн үйлдвэрийн технологийн процессын тооцоог инженерийн түвшинд хийх, удирдах чадвартай болно.

Суралцах хугацаа: 4 жил

Мэргэжлийн зэрэг: Бакалавр

Хөтөлбөрийн онцлог:

  • Тэргүүлэх чиглэлийн мэргэжил, бакалаврын зэрэг
  • Үндсэн хичээлүүдээс гадна эхний хоёр жил “Хятад хэл”-ний хичээлүүдийг эхнээс нь үздэг онцлогтой. Ингэснээр та “Хос хэл”-тэй инженер болно.
  • Төгсөгчид ажлын байраар 100 хувь хангагддаг.
  • Химийн чиглэлийн бүхий л салбарт хөрвөх боломжтой, эрэлттэй мэргэжил
  • Хоёр их сургуулийн дипломтой мэргэжилтэн болно.
  • Хятадад суралцах хугацааны сургалтын төлбөр, байр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын тал хариуцна.
  • Хятад хэлийг өндөр түвшинд эзэмшинэ.
  • Амжилттай төгсөгч нь үргэлжлүүлэн БНХАУ-ын  Засгийн газрын болон бусад тэтгэлгээр магистрантур, докторантурт суралцах боломжтой.

Төгсөгчдийн ажлын байр:

  • Хөнгөн ба хүнд үйлдвэрүүдэд химийн инженер
  • Уул уурхайн салбаруудад химийн инженер
  • Судалгаа шинжилгээний хүрээлэн, лабораториудад эрдэм шинжилгээний ажилтан
  • Их, дээд сургууль болон коллежийн багш
  • Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага
  • Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага
  • Монгол улсад ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 4 мега төслүүд болох “Газрын тосны боловсруулах үйлдвэр”, “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”, “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр” зэрэг үйлдвэрүүдэд гол мэргэжилтнүүд нь химийн инженерүүд байна.

ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Суурь хичээл (математик, хими): 490 оноо
  • Дагалдах хичээл (физик, гадаад хэл): 450 оноо

Дэлгэрэнгүй мэдээлэл: Монгол улс байгалийн нөөц баялгаа түүхийгээр гаргахаас зайлсхийж гүн боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, Мега төслүүдийн цогцолборуудыг барьж байгуулах бодлого хэрэгжүүлж байгаа өнөөгийн шатанд өндөр мэдлэг, чадвартай инженер техникийн мэргэжилтэй ажиллах хүчин, түүний дотор химийн инженер, технологичдын хэрэгцээ, ажлын байрны эрэлт их байгаа билээ. Иймд “Химийн инженерчлэл 2+2” хөтөлбөрийн төгсөгчийн хэрэгцээ шаардлага цаашид улам өсөн нэмэгдсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.

“Химийн инженерчлэл 2+2” бакалаврын зэрэг олгох хөтөлбөр  нь  химийн ба инженерийн суурь болон мэргэжлийн мэдлэгийг олгон, үйлдвэрийн түүхий эдийг зөв зохистой бэлтгэх ба өндөр чанар болон бүтээмжтэй эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хүн-байгальд ээлтэй технологийг сонгож тооцоолох, үйлдвэрийн технологийн процессыг загварчлах, химийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тооцоог хийх, загварчлах,  инновацыг хөгжүүлэх, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, зах зээлд мэргэжлээрээ хөрвөн ажиллах мэргэжлийн өндөр ур чадвартай, инженерийн төсөөлөл сайтай, салбар, байгууллагын хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулж чадахуйц мэргэжилтэн бэлтгэнэ.

“Химийн инженерчлэл 2+2” мэргэжлээр суралцсанаар  чанарын хяналт, шинжилгээний олон улсын стандартууд, химийн инженерчлэлийн үндсэн технологиудыг бүрэн эзэмшихээс гадна олон улсын түвшинд химийн инженерчлэлийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн өндөр мэдлэг, дадал, чадавхтай, бүтээлч сэтгэлгээтэй “Хоёр их сургуулийн диплом”-той мэргэжилтэн болно. 

БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургуультай хамтарсан “Химийн инженерчлэл 2+2” мэргэжил нь 1-2-р ангидаа ШУТИС, ХШУС-ийн химийн инженерчлэлийн тэнхимийн дээд боловсролын ерөнхий суурь ба мэргэжлийн суурь  хичээлүүдийг судалж, БНХАУ-ын Баруун хойд политехникийн их сургуульд 3-4-р ангидаа мэргэжлийн хичээлүүдийг үзэн судалж төгсөнө.

 

Вэб хуудас: https://sas.must.edu.mn/mn/page/23

YouTube: “Химийн инженерчлэл 2+2” хөтөлбөрийн танилцуулга 

                                     https://www.youtube.com/watch?v=4PJztK3Q610