ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
delger

Уулзалт өдөрлөгийг ХШУС-ийн захирал доктор, дэд профессор Б.Тунгалагтамир нээж, хүрэлцэн ирсэн профессор багш, ажилтан нарыг танилцуулж, сургуулийн танилцуулгыг хийлээ. ХШУС-ийн мэргэжлийн хөтөлбөрийг сонгон суралцахаар элсэн орсон оюутнууддаа талархал илэрхийлэн, цаашдын сургалт, эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

            

Хөтөлбөрийн дагуу СЧА-ны дарга доктор Ц.Балжинням сургалтын албаны мэдээлэл, ШУТИС-ийн оюутны үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Ц.Болдбаатар оюутны үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цагийн менежмент, хувийн хөгжлийн төлөвлөгөөтэй суралцах талаар тайлбарлаж, сурлагын өндөр амжилтыг хүсэн, талархал илэрхийлэв. Эцэст нь ХШУС-ийн оюутны зөвлөлийн дарга О.Уянга ХШУС-ийн оюутны зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулан, их сургуулийн орчинд дасан зохицон амжилттай суралцах талаар болон хичээлийн жилийн турш зохион байгуулагдах уралдаан, тэмцээний мэдээллийг багцлан хүргэв.

Тус уулзалтанд ХШУС-ийн тэнхимийн эрхлэгч нар, профессор, дэд профессор, зөвлөх багш, тэнхимийн багш нар оролцсон бөгөөд ХШУС-ийн 1 дүгээр курсын 170 гаруй оюутнууд хамрагдсан байна.

                                                            ХШУС-ИЙН ЗАХИРГАА