2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
delger

2026 оны  5-р сарын 1-ний өдөр “Дэлхий нэг гэр бүл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан 25 дахь удаагийн “Хятад хэлний гүүр” дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиадын Монголын бүсийн тэмцээн Улаанбаатар театрт амжилттай болж өнгөрлөө. Тус арга хэмжээг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулж, Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн институт хамтран хэрэгжүүлэв. Монголын их, дээд сургуулиуд идэвхтэй оролцож, нийт 23 оролцогч финалын шатанд шалгарсан байна.

Арга хэмжээнд Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жи, соёлын атташе Ши Чунькай, МУИС-ийн Күнзийн институтийн захирал Чэн Шэнли, МУБИС-ийн гадаад харилцааны албаны дарга бөгөөд Күнзийн институтийн Монгол талын захирал Г.Цогзолмаа, МУБИС-ийн Күнзийн институтийн Хятад талын захирал Жан Дайшэн, ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Л.Чойжилмаа, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Д.Ундрах, СЭЗИС-ийн Олон улсын сургуулийн хятад хэлний сургалт хариуцагч Чулуунцэцг зэрэг хүндэт зочид, шүүгчид оролцов.

Тэмцээн хоёр үндсэн хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт оролцогчид “Дэлхий нэг гэр бүл” сэдэвт илтгэл тавьж, мэдлэг сорих асуултад хариулсан. Тэд хятад хэлтэй холбогдсон өөрсдийн түүхийг хуваалцахын зэрэгцээ “хүн төрөлхтний хувь заяаны нэгдэл” гэсэн үзэл санааг залуу хүний дуу хоолойгоор илэрхийлж, үзэгчдээс халуун алга ташилт хүртсэн юм. Асуулт-хариултын үеэр оролцогчид хурдтай, оновчтой хариулж, хэл, соёлын мэдлэгээ гайхалтай харууллаа. Харин хятад урлагийн үзүүлбэрийн хэсэгт оролцогчид төрөл бүрийн авьяасаа үзүүлж, үзэгчдэд жинхэнэ хятад соёлын шилдэг үзүүлбэрийг бэлэглэв.

    

   

Тус олимпиадад ШУТИС-ийн дараах оюутнууд ГХС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Л.Чойжилмаагийн удирдлагаар маш амжилттай оролцлоо.

  • ГХС-ийн Техник технологийн орчуулга мэргэжлийн оюутан С.Ану-Үжин
  • ГХС-ийн Техник технологийн орчуулга мэргэжлийн оюутан О.Номин
  • ХШУС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэл мэргэжлийн 2+2 хөтөлбөрийн оюутан Н.Уянга
  • ЭХИС-ийн Сэргээгдэх эрчим хүч мэргэжлийн 2+2 хөтөлбөрийн оюутан М.Хандсүрэн

     

   

3 гаруй цаг үргэлжилсэн өрсөлдөөний дараа ШУТИС-ийн оюутан Н.Уянга Дэд байр болон “Шилдэг илтгэгч”-ийн шагнал хүртсэн бөгөөд ШУТИС-ийн оюутнууд багаараа амжилттай оролцсон тул ШУТИС нь “Шилдэг зохион байгуулагч сургууль”, Л.Чойжилмаа багш нь “Шилдэг зохион байгуулагч багш”-аар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.

Тэмцээний дараа Элчин сайдын яамны зөвлөх Ли Жи шагнал хүртсэн оролцогчдод баяр хүргэж, багш, зохион байгуулагчдад талархал илэрхийлэв. Тэрээр хятад хэл нь соёл иргэншлийг холбох гүүр болохыг онцолж, Монгол, Хятад хоёр улс эртний найрсаг харилцаатайг дурдлаа. Залуусыг хэл сурах замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, хоёр орны найрамдлын элч болохыг уриалав.

Энэхүү тэмцээн нь зөвхөн хэл, авьяасын өрсөлдөөн биш, харин улс орнуудын хоорондын сэтгэл зүрхний харилцааны гүүр болж чадсан юм. Хятад хэл сурч буй эдгээр оюутнууд ирээдүйд Монгол, Хятадын харилцааны залуу элч болж, “Дэлхий нэг гэр бүл” үзэл санааг түгээн дэлгэрүүлэх нь дамжиггүй.

Тус олимпиадад оролцохтой холбоотой үйл ажиллагааг дэмжиж ажилласан ГХС-ийн захирал Ц.Энхбаатар, оюутнуудаа чин сэтгэлээсээ дэмжиж, удирдаж ажилласан Л.Чойжилмаа багш нартаа талархал илэрхийлье.

Эрдэм номын далай хязгааргүй, сурах хүслийн зам төгсгөлгүй.